Лиш цэцгийн дуу...


Анхны цаснаар ургасан цэцгийн дэлбээ
Анхны борооноор хагдран унажээ
Энгэр жиндээсэн талын жаварт ажраагүй ч
Энхрийлэл тээсэн хаврын салхинд сөхөрчээ

Одоо хүсэл тэмүүлэлийн тухай дуулаад яах вэ
Одоо хүсэлдээ шатан уйлаад яах вэ
Бороо татархад цэцэг дэлгэрнэ
Цэцэгс гандахад сэтгэл нүцгэрнэ

Үг дуугүй дуулгавартай нь аргагүй
Үхлийг нэр төртэйгээр хүлээсэн 
Үй олон навчисын дээгүүр
Үймээнч цасан будран орно

Хэний цонхыг цасан ширхэг
Хэрхэн шүргэхийг хэн мэднэ
Үглэл дуу минь ч цасан адил,
Үнсэлт адил сэмээрхэн гиншинэ

Цаг улирал эргэдгээрээ эргэж
Цагийн цохилт лугшидгаараа л лугшиж
Өглөөний нар өрөө нэвт гийгүүлсээр атал
Өнгөт хорвоод хоргодох сэтгэл эс төрнө

Өөд уруу зуйрганч салхинд
Өөрийн минь амьдрал тоосрон хийснэ
Өө, өөр хэний төлөө би
Өдөр, шөнийг тэсэн давах билээ...

Дуниартагч энэхэн дэлхийдээ мөнх л амьдрахгүй хойно...



Амьдарч яваа өдрүүдийн минь цорын ганц чимэг
Аялж яваа дууны минь ерийн бус эгшиг
Үл мэдэгхэн сэвхтэй, уянгалаг жаахан Анимаа
Үдшийн зүүд эзэгнэж, үүрийн нойр хулжаана...

Ертөнцийн найранд уригдаад, чамайгаа олж харсан би
Ерөөл тавиланд минь үүнээс илүү хувь бий гэж үү !
Зүүд шиг хоосныг гатлаад энэ хорвоогоос явахдаа би
Зүрхээ хайраар дүүргэн Анимаагаа дагуулаад буцна!

Дээвэр дэвсэн салхинд дэнжийн ногоо шарлана
Дэлхийд ирээд буцахдаа дэмий бодлоосоо сална.
Өрх дэвсэн салхинд өвсний толгой гандана
Өөрийн болгоод авсан ч өнөд зүрх минь шимширнэ.

Сэрүүн намрын огторгуйд найман тогоруу ниснэ
Сэтгэлийн хүйтнийг бүлээсгэж, намайг дагуулан ниснэ
Уул уулыг давсаар оюун сэтгэл минь ниснэ
Уйтгар хүйтэн жаврыг Анимаагийн илчээр давна...

Дуниартагч энэхэн дэлхийдээ мөнх л амьдрахгүй хойно
Дуу болгож хувиргана Анимаа минь, би чамайгаа!
Цайвартагч энэхэн дэлхийдээ мөнх л үлдэхгүй хойно
Цагийн цагт амьдрах хайр болгоно, би чамайгаа...






Яруу найрагч Очирбатын ДАШБАЛБАР
"Гэрэлт хайр" /1990/ ном
Дарьганга аялгуу. VI
52 дугаар тал. 

Impression


Намар дуусч байгаа нь хавар эхэлж байх шиг
Навч шиг том цаснууд гудамж дүүртэл орж...
Гудамж дүүрэн хөглөрөх цагаан цагаан өдрүүдийг ээ!
Гурван бүсгүй хүн хоёр шүхрийн доор.

Ягаан ч юм шиг туяатай бүв бүдэгхэн өглөөг
Яг дээрээс нь хараад хөшигний ард суухад
Цасны ганцхан дусалд хөндүүүрлэж ниссэн навч
Цахлай шиг тэрүүхэндээ дэвснээ унаж явааг ээ!

Намар дуусчихлаа, одоо хавар болно!
Гурван бүсгүйн шүхэр галуудын ганганаанд дэрвэлзэв.

2003.10.01





Яруу найрагч Л.ӨЛЗИЙТӨГС
"Ганцаардлын дасгал" /2004/ ном
24 дүгээр тал.

Далай лам ба гэгээрлийн тохиолдлууд




Гэгээрэл гэдэг бол ”гэгээ өрхлөх” хэмээсэн утгатай үг юм. Бурхны эрдэм юм л даа. Гэгээ гэрэл нь орой зулайгаар хүний дотор ордог. Тийм ч учраас ”Оройгоор орсон мэт ойлголоо” гэж бид ярьдаг. Сайхан хүн, эрдэм төгс хүний дэргэд байж, түүний нүүрний гэгээнийг үзэх, нүүрний нитээс айлдсан зарлиг эшийг сонсох, уншихын төдийд мянга мянган гэгээрэх боломжууд бидний эргэн тойронд бий болдог. Соёлын яамыг анхлан ”Гэгээрлийн яам” гэж нэрлэдэг байлаа. Уг нь ард иргэдийнхээ оюуны боловсролыг хариуцдаг төрийн бүтэц юм. Соёл гэдэг үг бол харин шаал ондоо утгатай. Засаглал болгон өөрийн соёл сурталтай. Түүнийгээ ард иргэддээ хүчээр тулган хүлээлгэдэг харгис хэрцгий арга барилыг хэлэх жишээтэй. Юуг ч ард түмэн хэмээх цагаан цаасан дээр бичиж болдог. Мөн урьд нь байсан юуг ч арчин баллуурдаж болдог гэсэн үг. Бид ч хэд хэдэн төрийн нүүр үзэж, өөрийгөө танихаа байтлаа баллуурдуулсан. Хушганаас томгүй, туулайныхаас гөлгөр тархитай болчихоод байгаа улс. 


Хушга, туулай гэснээс модернист Б.Галсансүх Р.Чойномд нэг гомдолтой захиа бичсэн юм. Газар доор хүйтэн байна уу? Газар дээр хүйтэн байна гэж ирээд... бидний зохиолч, яруу найрагч, орчуулагч гээд байгаа нөхдүүд ТВ мэдээ, цаг агаарын мэдээ хэвлээд баяжихыг хүсч байгаа болохоос ард түмнээ соён гэгээрүүлэх гэдгийг мартсан гэж... Энэ манан будантай, хөл толгойгүй үймээнтэй жилүүдэд Далай ламын айлдвар сургаалиудыг монгол хэлэнд орчуулсных нь төлөө О.Чинбаярт баярлаад хэлэх үг олддоггүй юм. Тийм болохоор зүгээр л түүний Далай ламын сургаалуудтай холбоотой тохиолдлуудын тухай дурдъя. 

Тохиолдол 1. 2003 онд Агын Дамбадаржаалин хийдийн нэг лам залуутай Улаан-үд хотод таарсан юм. О.Чинбаярын монгол орчуулгыг орос орчуулгатай нь тулгаад цээжилж байгаагаа хэллээ. Яагаад ингэж байна вэ? гэж асуухад ”Монгол хэл сурч байгаа юм. Энэ хүний үг хэллэг төдийгүй монгол хэл ер нь ямар сайхан хэл вэ? Бурхны номын нарийн ухааныг сайхан тайлбарлажээ” хэмээн өгүүлж байлаа. Өнгөрсөн жил Монголд ирэхэд нь уулзсан. Монгол хэлээр урсам сайхан ярьдаг болжээ. Мэдээж хэрэг тэр залуу оролдлого хичээлээрээ сайхан сурсан л байх. Гэхдээ л О.Чинбаярын орчуулга түүнд нөлөөлсөн гэдгийг хэлж чадна.

Тохиолдол 2. Өвөр монголд олон найз нөхөд минь байдаг. Тэд Монголд ирээд явахдаа Далай ламын сургааль, айлдваруудыг О.Чинбаярын орчуулгаар авч явах дуртай. Хятадад бол оюуны соёлын хувьд жинхэнэ ”хориотой жимс”. Хорьдог л доо. Гэхдээ хорих тусам, энэ хүн ямар хүн, юу хэлдэг ярьдаг учраас ингээд хориод цагдаад, хаагаад, харааж зүхээд байдгийг ойлгохыг оролддог. Тэд ч тэр бид ч тэр. Аврал гарц хайж, арга мухардах цагтаа ”Ум мани бадмэ хун” гэж хэлдэг. Далай лам буюу Жанрайсиг бурхныг дуудан залбирч байгаа хэрэг л дээ. Хятадад ингэж хэлдэг 200 сая бурхны шашинтан байдаг. Гайгүй наашаа сэтгэлтэй сэхээтнүүдийн гэрт орвол номын санд нь энэ ном байдаг. Мэдээж хэрэг хавтасных нь зургийг яагаад ч юм далдалж хаасан байдаг л даа. Зураг яахав. Доторхи текстийг нь ноортол нь уншсан байдаг юм. Бас хоорондоо ч ярьдаг. ”О.Чинбаяр бол Ар Монголын алдарт орчуулагч” гэж.

Тохиолдол 3. Бид чинь үр хүүхдээ хар багаас нь орос, хятад, англи хэлний сургуульд сургаж, гадаад дотоод руу сургууль соёлд явуулаад эхнээсээ төгсч ирж байна. Нэг найзын хүүхэд АНУ-д урлагийн чиглэлээр сурч байгаа юм л даа. Тэгээд аавдаа захиа бичжээ. Бөөн гомдол. ”Та нар яагаад намайг монгол сургуульд сургаагүй юм. Монгол хүн бол Буддын шашинтай гэсэн утгаар надад ханддаг. Би юу ч мэддэггүй. Далай ламын тухай их асуух юм. Энэ тухай ном явуулаач гэж”. Би О.Чинбаярын орчуулгуудыг явуулахыг санал болгосон. Өөр ном хайгаад ч олдохгүй. Байсан ч ойлгохгүй. Ер нь дундаж монгол хүнд, хүүхдүүдэд бол яг тохирсон ойлгомжтой ном.

Энэ мэт олон тохиолдлыг дурдаж болох ч ингээд зогсьё. Олон засаг солигдож, олон төсөл хөтөлбөр хэрэгжиж, хорин жил туршилтын туулай болж амьдрахад монгол хүн мөн чанараа алдаагүй. Бид бол нийтээрээ бичиг үсэгтэй уншдаг ард түмэн. Алдаагүйнх нь нэг тохиолдол бол яах аргагүй түүний амьдралынхаа залуу халуун насаа зориулж хийсэн орчуулгууд. Далай ламын 9 боть цуврал нь. Бусад орчуулгуудынх нь тухай ч энд дурдалгүй өнгөрч болохгүй. Жеймс Жойсын ”Уиллис”, ”Даблинчууд” хоёр бол зүгээр л супер орчуулгууд. Надад ”Даблинчууд” нь үнэн таалагддаг. Саяхан Солонгосын нэг эрдэмтэн хэлж байсан. Монголын орчин үеийн уран зохиол судалдаг хүн л дээ. ”Жеймс Жойсын ”Уиллис”-ыг солонгос хэлэнд орчуулахын тулд шилдэг 20 орчуулагч, 3 жилийн турш орчуулж, өнгөрсөн жил хэвлэлд гаргасан. Тэгэхэд энэ О.Чинбаяр гэдэг орчуулагч монгол хэлэнд орчуулаад гаргачихсан байх юм. Энэ хүн тийм мундаг орчуулагч уу?” гэж. Би юу гэж хариулсан нь ойлгомжтой. Гэхдээ тэдэнд өгсөн шиг шан харамж засаг төрөөс олгоогүй л дээ. Нэрэлхээд л өнгөрсөн. Яг үнэндээ би ч энэ нэг чадан ядан хийдэг орчуулга, хөрвүүлгийн төвд хэлт утга зохиолын дурсгалуудаа яг О.Чинбаяр шиг орчуулж, бичиж сурахын тулд түүнээс суралцдаг. Уран зохиол бага сага сонирхдогийн хувьд түүний тун удахгүй хэвлүүлэх америкийн зохиолч Херман Мелвиллийн ”Моби Дик” номыг тэсэн ядан хүлээж байгаа билээ. Үнэхээр гоё ном. За тэгээд уран зохиолыг юу хөгжүүлдэг вэ? гэвэл маш чанартай орчуулга. Орчуулгын номыг шимтэн уншдаг хүмүүст дуулгахад О.Чинбаярын Далай ламын 9 боть, Непкогоос гаргасан Билл Брайсоны ”Шинжлэх ухааны товч түүх”, залуу орчуулагч Б.Баясгалангийн ”Аз жаргалтай төгсгөлүүд”, Хүрээ хөвгүүн Д.Дашмөнхийн ”Харь гаригийн өгүүллэгүүд”, ”Үхлийн тууриуд” энэ хэд ч бараг өнгөлнө дөө. 
Монгол хүнийхээ хувьд, бурхны шашинтай хүнийхээ хувьд нэг л зүйл хэлэх байна. Энэ номыг худалдаж авна. Үр хүүхэддээ уншуулна. Уншиж өгнө. Найз нөхөддөө ч бэлэглэнэ. Гэгээрэлд төр засаг анхаарлаа хандуулдаг сайн цаг иртэл тэсч үлдэх боломж тохиолдол бүрийг ашиглана. Тэсч үлдэх л хэрэгтэй.

Хүндэтгэн ёсолсон Хүрээ хөвгүүн Г.Нямочир 
2013 оны 4-р сарын 1.

ЯВУУГИЙН СҮҮЛЧИЙН ҮГ



Яруу найрагчийн сүүлчийн үг учиртай, учигтай байдаг. Өгүүлэх нь: Миний Монгол телевизэд ажиллаж байсан үе. Уран бүтээлийн үдэшлэг нэртэй нэвтрүүлэг бий болж, манай нэртэй уран бүтээлчид, ялангуяа зохиолчдыг үзэгч уншигчидтай нь уулзуулж, тэр нэвтрүүлгийг хүмүүс ихэд сонирхон үздэг байсан юм. Энэ нэвтрүүлэгт Б.Явуухулан найрагчийг хэд хэд урьсан боловч тэр нэг л “ороолоод” болж өгөхгүй байв. Бас ч гэж учир шалтгаан байсан юм билээ. Явуугийн нэр хүнд тэр үед ид өндөрөө авсан үе л дээ. Төрийн шагнал. Соёлын гавъяат зүтгэлтэн. Ардын их хурлын депатут байв. Бас түүний “Тэхийн зогсоол” болон бусад бүтээлээр нь төрийн шагналд хоёр дахь удаагаа дэвшүүлэх тухай яриа бас сонсогддог байсан юм. Мэдээж ийм үед атаа жөтөө байсан юм билээ. Москвад хэвлэгдсэн номын нь оршилд “олон нийтийн нэрт зүтгэлтэн, дорно дахины их яруу найрагч, жараад хэлээр орчуулагдсан” хэмээн бичсэн нь бас атаархагчдын нь дургүйг хүргэж байсан бололтой. Намын байгууллагын шугамаар байнга матаж, хов жив дээш нисдэг байсан гэнэлэй. Одооных шиг шар сонин гэж байхгүй, харин матаас хэмээх нууц захидлууд, намын шүүмжлэл хэмээх үг сумаар бие биенээ хорлодог үе л дээ. Ийм үед Явуу өөрийгөө өндрөөр цоллуулж, тэдний аазгайг хөдөлгөхийг хүсээгүй хэрэг. 
-Намайг магтаж ер болохгүй шүү. Энэ бол зохиолч уншигчдын л уулзалт байх юм шүү гэж хичээнгүйлэн захиад 1982.2.13-нд телевизийн бичлэгт хүрэлцэн ирсэн юм. Уг нэвтрүүлгийг телевизийн авьяаслаг сэтгүүлч Батын Дорж хариуцаж, долоо хоногийн дараа буюу 2-р сарын 20-нд дэлгэцнээ гаргахаар сонинд зарласан байлаа. Уулзалт маш сайхан боллоо. Уншигчид нь найрагчаас олон сонирхолтой асуулт асууж найрагч маань өөрийн алдарт “Би хаана төрөө вэ” шүлгээ уулзалтын магнайд уншиж, уншигчдынхаа олон асуултад тов тодорхой хариулсан юм. Мөн “Өвлийн агаар”, “Хөрөг”, “Гэргий”, “Москва” зэрэг шүлгээ өөрөө уншиж, “Тэхийн зогсоол”-ыг Ш.Гүрбазар уншсан юм. “Хар ус нуурын шагшуурга”, “Дуу минь дуу минь” дуунуудыг Зангад гуай, Түмэндэмбэрэл гуай хоёр дуулж, энэ удаагийн үдэшлэг маш сайхан, урт тэнүүн уур амьсгалтай болж байлаа. Хөтлөгч:
- Явуухулан гуай, манай уншигчид хамгийн сүүлд асууж байгаа нэг асуултыг би танд дамжуулъя. Танд мянган уншигч захиа ирүүлж амьдралд хэрэгтэй нэгэн сайхан үг хэлнэ үү? гэж хүсвэл та юу гэж захих вэ? гэж асуухад, найрагч маань. Энэ хэцүү асуулт л даа. Гэхдээ ганцхан үгээр хариулж болно гээд хэлсэн нь:
-Хатуужилтай бай. Хатуужил бол хүний хамгийн сайхан, дээд зэргийн чанар юм. Зөвлөлтийн ард түмэн дэлхийн II дайнд хорин сая хүнээ алдаад дайныг ганцхан хатуужилаар л туулж гарсан. Зөвлөлтийн ард түмэнд хайртай байгаарай. Хүн гэдэг хатуужлыг л сурах хэрэгтэй. Хүнд баяр баясгалан тааралдана. Зовлон гуниг тааралдана. Энэ бүхэнд хатуужил хэрэгтэй. Ерөөсөө ялахад хатуужил хэрэгтэй...
Яруу найрагч өөрийн хайртай уншигчидтайгаа уулзсан халуун дотно уулзалтын төгсгөлд энэ үгийг хэлжээ. Уншигч олондоо захисан сүүлчийн үг нь энэ буюу... Ялахад хатуужил хэрэгтэй. 
Телевизийн бичлэг хийснээс дөрөв хоногийн дараа. Утас дуугарлаа. Автал Ш.Сүрэнжав гуай байна.
-За дүү минь сэтгэлээ бариарай. Чамд нэг золгүй мэдээ дуулгая. Явуу багш нас барчихлаа... Би энэ үгийг зүүд байх гэж бодохыг хичээлээ. Чухам яаж очсоноо санадаггүй юм, нэг л мэдсэн Ш.Сүрэнжав ах, О.Дашбалбар бид гурав Сү ахын буйдан дээр зэрэгцээд уйлж сууснаа санадаг юм. Бид Явуугийнд очлоо. Адъяа эгч болсон явдлыг ярьж байна... Хамгийн сүүлд татаад дутуу орхисон янжуурыг нь хүртэл чүдэнзний хайрцаганд хийгээд харуулж байна. Номын өрөө нь яг л өнөө янзаараа. Бичгийн машин дээр нь найман мөр шүлэг харагдана. Анатолий Софроновын шүлгийн эхний найман мөрийг орчуулж дуусаад бичгийн ширээнээсээ босоод явтал...яруу найрагчийн зүрх хөндүүрлэсэн бололтой. Түрүүлгээ харан, амьсгал хураасан байжээ. Яруу найрагчийн бичгийн ширээнээ юу гэсэн мөрүүд үлдсэн вэ?
“Үрэгдэгсэд, үлдэгсэдийн аль алинд нь
Өрөө төлөх цаг заавал надад ирнэ.
Өр өр... Энэ өр, улайрсан бух шиг
Урдуур минь хэрэн ирж заавал нэмэгдэнэ.
Хэдэн арван жил хуримтлагдсан энэ өр
Хэрэг нэхэх данс тооцоогүй ч гэсэн
Оюун санааг минь зовоож байгаа болохоор
Орноос минь улирах цаг төлж чадахгүй!...
Энэ юу гэсэн үг вэ? Нэхэн бодоцгооё. Яруу найрагчийн сүүлчийн үгс хамгийн үнэнийг онож хэлдэг. Тэр л ёсоор Явуу үгээ хэлжээ. Яагаад найрагч зүрхээ хөндүүрлэн байхад энэ бадгийг сонгож орчуулсан юм болоо?!
Явуугийн нас барсан мэдээ Монголыг төдийгүй дэлхийг цочоолоо.
...Ах дүү Монголоос гашуун гунигт мэдээ ирлээ. Монголын үндэсний утга зохиолд төдийгүй, орчин үеийн бүх дорно дахины утга зохиолд арилшгүй мөрөө үлдээсэн гарамгай авьяастны зүрх зогслоо... Зөвлөлтийн “Огонёк” хэмэх алдартай сэтгүүл 1982.2.19-ний дугаартаа ингэж бичжээ.
Явуугийн уран бүтээлийн дотнын анд Оросын авьяас билигт яруу найрагч Римма Казакова
“Амарлингуй тэнгэрээс гуниглан ширтэгч
Анд найз Явуухулан минь ээ!
Хорвоо чамайг хэзээ ч мартахгүй
Ховлож муулж хэн ч хүлцэхгүй
Эрсэдсэн цэрэг шиг нартаас хальсан
Эрхэм сайн анд минь ээ!
Эргэн тойрныг гүдэсхэн зангаараа
Эмгэнэж юундаа ширтэнэ вэ?
Харуулын албаа орхиогүй
Цэрэг эр шиг эрсдлээ чи.
Хан хорвоогийн энэрэлгүй тавиланг
Цэрвэн тойрч болдог биш дээ...”
Д.Нямсүрэн 1982.2.21-ний өдөр Дарьгангаас АН-2 онгоцоор нисэж явахдаа бичсэн нулимстай захиандаа “...Тэр минь нас нөгчлөө гэж үү дээ... Даанч үгүй баймаар даа... Яаж болох юм бэ? Яаж болох юм! Тэр чинь Явуухулан шүү дээ, Явуухулан!!! хэмээн бичээд бороон дусал шиг нулимс нь хөх бэхэн дээр үүл мэт нүүсэн байж билээ.


Тэр цаг одоотой адилгүй. Телевиз, мэдээллийн хэрэгсэл намд харьяалалтай. 1982.2.20-нд нэвтрүүлэхээр зарлагдсан Явуугийн уулзалтыг яг сүүлчийн өдөр нь гэгээн дүр, саруул дуу хоолойгоор нь үзэгч уншигчдад нь хүргэх хувь дутсан юм. Яг тэр үед явсан бол монголын ард түмний сэтгэлд яруу найрагчийн сүүлчийн үгс, сүүлчийн гэгээн дүр нь их юм хэлэх байсан юм. Намын төв хороо үүнээс ихэд болгоомжлон нэвтрүүлгийг хорьсон доо.
Оросын найрагч нөхөд нь хамгийн анх “дорно дахины их найрагч” хэмээх үгийг Явуугийн нэрийн өмнө бичиж, дараа нь манайхан болгоомжтойгоор зугуухан энэ үгийг хэрэглэх болсон нь гашуун боловч сургамжит үнэн юм даа.
Мөнөөх телевизийн нэвтрүүлгийг Явуугийн нас нөгчсөний дуулиан намжиж, хүмүүсийн зүрхний хөндүүрийг илааршин мартагнуулж байгаад жил гаруйн дараа дэлгэцнээ гаргахыг зөвшөөрсөн юм. Ингэж гаргахдаа нэвтрүүлгийн эхэнд дэлгэцний чинадаас
“Шүлэг минь хүлэг минь, чи бид хоёрт
Дэлхийн дэвжээ хэрэгтэй” хэмээн нэвтрүүлэгчийн дуу хоолойгоор тодоос тод уншиж сонордуулсан нь их найрагчийнхаа гэрээсийг ард түмэнд нь зарлан тунхаглах гэсэн уран бүтээлчдийн санаа бодлын илрэл болсон юм. Явуу тэгэхэд өөрөө нэвтрүүлэгчээр энэ шүлгээ далдаас уншуулахаар санал болгосон нь учиртай байжээ. Уншигчийнхаа сүүлчийн асуултад хатуужилтай байхыг яагаад захиж, яагаад оюун санааны өр төлөөсний тухай найман мөрийг орчуулж, яагаад “шүлэг минь хүлэг минь чи бид хоёрт дэлхий дэвжээ хэрэгтэй” хэмээх шүлгээ далдаас уншихийг хүссэн юм болоо? Яруу найрагчийн сүүлчийн үг “учиртай” ажгуу.

Яруу найрагч Г.Мэнд-Ооёо
2009.03.14

"СЭТГЭГДЭЛ"-ҮҮД

Сэтгэгдэл гээчийг хорих болсноос их л сонин сэтгэгдэл төрөв. Бодох нь ээ, би ер нь тун идэвхтэй "Сэтгэгдэлч" бололтой. Энэ тэнд шүлэглэж, шүлэнгэтэж, хэрэлдэж, уралдаж өчнөөн л коммент үлдээж. Өнөөдөр тэднээсээ зарим нэгийг нь энд тавья гэж санасан юм. Аан бас би "Нүүр ном"-нд бичсэн юмаа ч бас сэтгэгдэл гэж санадаг юм. Хүмүүн миний сэтгэл ихээр дэнсэлсэн үед ийм хэдэн мөрүүдийг нэгэн амьсгаагаар бичих нь тоймгүй олон билээ. 



* * *
Булан бүхэнд нь үхэл отож буй энэ их хотод
Бурхан шиг авирлах нь үнэндээ
Булшинд хийгээд далдхан булчихсан шуумал хэлд орж
Бусдын тухай зовнил нэвчсэн үгс урсгах шиг
Ад мөрийн санагдах авч
"ЭНД" би цэцэг зуусан охидыг ширтэхгүй
Цэвэр тунгалаг дарс аягалах мухлагуудыг сандаачихгүй
Утаа бүгшсэн хороолын сүүдэр татсан гудамнуудаас
Улс амьтан шоргоолж шиг цувахыг шохоорхон ажихгүйгээр
Нэг хором амьдарч чадахгүй
"ЭНД" гэдэг нь бидний амьдарч буй
Эмтэрч дуусавч эргэн төрөх цаг хугацаа
Эцэс төгсгөлгүй үйлийн үрийн орооцолдоонд
Эрээгээ алдсан орон зай билээ.
/Хаврын өдөр, Буковскийг уншаад эрээчсэн ину/



* * *
Хар хэрээний далиар
Хайрын шүлэг бичнэм
Хайчин амтай цаг хугацааг
Хамхиулж байгаад бичнэм
Их талын дундах ганц уул
Ирэх цагтаа ганднам
Идэрийн цогоор цалгисан мөрөн
Итгэлийн өндрөөс асгаран буунам
Хэм хэмнэлээс сэтгэлээ салгаад
Хэнхдэгээ ярахад хавар болном...
/Тэр нэгэн өдөр Тэгшээгийн бичсэнийг уншаад бичсэн нь/



* * *

Харчийж үлдсэн
Өнжмөл навчнаас
Хавар намрыг зэрэг
Харлаа
Урт удаан өвлийг бодохоос
Ухааны мухарт жавар хургасан
Хорин дөрвөн насны минь намраас
Хоргодож үлдсэн энэхэн навч
Борог саарал манан хөшилдсөн
Бороот хоосон өдрүүдийг сануулж,
Аяа, бас амилж сэрэхгүй
Адал тэнэмэл амьдралыг сануулж
Атган дотор минь ширчигнэн бутарлаа
Гишгэсэн мөрөө эргэж харалгүй
Эсгэн хуруугаа сорж зогсоо
Тэрсүүд тэр улаахан хөвүүнээс
Тэнэмэл, ханамал тэр хөвүүнээс
Зандчиж юу асуултай билээ
Залуу нас минь
Залуу нас минь...
Задгай далайн дээрээс бударсан
Задгай цагаан цасан минь...
/Ажлын дэргэдэх модноос амь тавьсан хэрнээ зүүгдэн үлдсэн навчисыг хараад бичсэн ану/

ТАНГАРАГ



Умрын хүйтэн салхиар уушиг тэнүүн амьсгалж
Ухаант дорнын бүсгүйгээр өрх юүгээн татуулж
Амар цагт билгүүн билгээ алдаагүй
Арсан тэмцэхийн цагт алтан биеэ хайрлаагүй

Тэнгэр ивээлт Тэмүүжиний цэрэг билээ
Тэрсүү хүчит Галдангийн цэрэг билээ
Хатан зоригт Дамдинсүрэнгийн цэрэг билээ
Хатуу журамт монгол цэрэг билээ

Нийт олныхоо төлөө бол нэг ч амиа хайрлахгүй
Нитгэл халуун цусныхаа сүүлчийн дуслыг хайрлахгүй
Өнгө мөнгөний нүдээр өнгөлзөх бүхний хөлийг
Өв их орныхоо өндөр босгоор гишгүүлэхгүй

Зүсийг минь үзье гэвэл
Сүн далайн ёроолд бий
Ясыг минь үзье гэвэл
Сүмбэр уулын оргилд бий

Мохож ялагдахыг минь Монгол минь бүү үзэг
Монголоо алдахыг минь ирээдүй минь бүү үзэг
Чиглэсэн андгайгаа умартаж чивэл нүгэлд автваас
Чиний миний гэлтгүй халуун амиа тасдая

Эвлэсэн хэргээ умартаж
Эрийн тангаргаас няцваас
Эргэж нартын дор
Сүүдрээ бүү хөдөлгөе!



Бүсгүй хүнийг Бурхан гэж андуурч...



Үүлэн дундах хан хөвгүүн
Үд цагаар лимбэ үлээхэд
Өдөт цагаан шувуу
Тэнгэрийн өвөрт шургаж
Өвс сэрвэгнэх чимээнээр
Өнгө цэнхэр аялгуунд хувирч
Салхины чиг нисэхүй...
Охидын хөлд салхи
Өвс адил ширэлдэх
Гоо бэлхүүс нь
Голын урсгалыг дүрслэх
Диваажин мэт эгшинд
Өөрийнхөө төгсгөл дээр
Үүрд би хавар болмуу!
Нэгэн насны минь зургийг
Навч адил дүрсэлж
Модод цэцэглэх нь
Миний шүлэг агаад
Ариун биеийг таалах шиг
Агаарт шүлэг татлах шиг
Сайхан бүсгүйг хавраар харахуй
Сая хорин тав дахь цагийг үдэж
Саран битүүрсэн үдэш
Бүсгүй хүнийг
Бурхан гэж андуурч
Би шүлэгч болсон...

1993.10.22






Яруу найрагч Л.Энх-Амгалан
"Монголын мөнгөн үеийн яруу найраг" 
эмхэтгэлд буй...

Талласан нутаг хиллэсэн цааз...



ӨВӨРМОНГОЛ

Ургаж жаргах наран дор сүүдрээ хямгадаж хэрсүүжсэн 
Буурины тамгатай нутгийнхаа хаяаг манаж жиндсэн
Буурал түүхээ нөмөрч дээлэн дотроо дулаацсан 
Тасарсан мах үсэрсэн цус Өвөрмонголчууд минь 
Талласан нутаг хиллэсэн цаазын золиос өр зүрхний хөндүүр ээ 

Торгоны хээ нийлэхэд үйл бүтэн болдог
Элбэг дээл шиг нутгийнхаа эмжээр дээр уулзъя
Тогоотой сүү дэврэхэд галын бурхан баярладаг
Элэгдэж балраагүй судрынхаа баринтган дотор уулзъя
Эмтрээгүй итгэл цуураагүй сэтгэл Өвөрмонголчууд минь
Элгэн дотор нуугих амь халуун нулимс аа

Дэлхийд ханаа шийрлэсэн дээдсийн голомт бүлээнээрээ байна
Дэргэдээс төөнөж судас тэлэх монгол цус халуунаараа байна
Дэрний чулуун дээрх нэр нь хүртэл босоо, бичигт түмэн минь
Дэнжийн салхи ч гандааж дийлэхгүйгээ мэдээд хавраа илгээдэг шүү
Дорнын хөлчүү салхинд дээлээ нимгэлээгүй Өвөрмонголчууд минь
Дотоод энгэр шиг монголоо гадуураа бүсэлсэн зоримог оо





Яруу найрагч Б.Занданхүү бээр 
“Тусгаар тогтнол” яруу найргийн наадмын тайзнаас 
ийн дуудсан нь сэтгэлийг хөдөлгөв.